Нэг. ҮНДСЭН СУРГАЛТ

Мэргэжлийн чиглэлүуд

  1. Хувцасны дизайн-зохион бүтээлт
  2. Гутал, арьсан эдлэлийн дизайн-зохион бүтээлт
  3. Чимэглэлийн дизайн
  4. Уран зураг
  5. Архитектур
  6. Интерьер-экстерьерийн дизайн
  7. Ландшафтын дизайн
  8. График дизайн
  9. Үйлдвэрлэлийн дизайн
  10. Үс, гоо сайхны стилист дизайнер

Олгох боловсрол: Дээд боловсролын бакалавр

Сургалтын хугацаа. Үндсэн өдрийн ба оройн ангид 4 жил, тусгай сургалттай ангид 2,5-3 жил, бэлтгэл ангид 1 жил тус тус суралцана.

Сургалтын бусад хэлбэр: Элсэгчдэд зориулсан курс, үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төрөл бүрийн хугацааны мэргэжлийн түр сургалт явуулдаг.

Сургалтын материаллаг бааз: Номын сангийн фонд 12,700 гаруй нэгж ном, сэтгүүл, сурах бичиг, гарын авлагаас бүрдэнэ. Компьютерийн лабораторууд, мэргэжлийн хичээлийн кабинетууд, GT Загварын товчоо, Classic studio Интерьерийн студи, ENJOY салон, 3200 гаруй загвар бүхий фонд, оёдлын цех, гутлын мастерын газартай.

Багшлах бурэлдэхүүн: Үндсэн багш 36. Үүнээс эрдмийн ба боловсролын цол зэрэгтэй 23, олон улсын ба улсын хэмжээний мэргэжлийн уралдааны шагналт дизайнер 12.

Мэргэжлийн зориулалт: Тус сургуулийг төгсөгчид нь загварын товчоонд дизайнер-зохион бүтээгчээр ажиллан, бүх шатны сургуулиудад багшилж, хувиараа үйлдвэрлэл эрхлэн жижиг дунд үйлдвэр байгуулж ажлын байр шинээр бий болгон үндэсний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх төр засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд өөрсдийн бодитой хувь нэмрээ оруулж байна.

Мэргэшлийн тодорхойлолт: УЭДС-д бэлтгэгдсэн хувцас, гутал арьсан эдлэлийн дизайнер-зохион бүтээгч мэргэжилтэн нь бүх төрлийн хувцас, гутал, арьсан эдлэл, аксессуарын загвар гаргах, зохион бүтээх, эсгүүр, оёдол гүйцэтгэх, хувцас, гутал, арьсан эдлэлийн төрөл бүрийн материалын шинж чанар, зориулалтыг тодорхойлох, тэдгээрт стандартын үндсэн шаардлагын үүднээс техникийн ба уран сайхны сонголт хийх, мэргэжлийн үзүүлбэр, үзэсгэлэн, тэмцээн зохион байгуулах, загвар өмсөгчидтэй ажиллах, тэднийг сургах, төрөл бүрийн гар урлал хийх зэрэг мэргэжлийн үндсэн мэдлэг чадвартай болохоос гадна орос, англи хэл сурч, гоо сайхан, үс нүүр заслын ур ухааныг эзэмшдэг. Түүнчлэн уран зураг, архитектур, чимэглэл, график, интерьер-экстерьер, үйлдвэрлэлийн болон ландшафтын дизайны ангид барилга байгууламж, гудамж зам талбай, амрах орчин, цэцэрлэгт хүрээлэн, ногоон бүсийн төлөвлөлтийг зориулалтын шаардлагад нийцүүлэн уран сайхны аргаар архитектурын бага босгомж, реклам чимэглэл, гэрэлтүүлэг, дүрслэх урлагийн бусад төрөлтэй хослуулан иж бүрнээр шийдвэрлэх чадварыг эзэмшиж байна. 

Сургалтын үйл ажиллагаа: УЭДС-ийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүд нь иж бүрэн, цогц агуулгатай сургалтын үндсэн баримт бичиг байхаар төлөвлөгдсөн байдаг бөгөөд 2 жил тутам боловсронгуй болгох зорилгоор шаардлагат өөрчлөлтүүдийг хийдэг. Ингэхдээ нийгмийн болон суралцагчийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан уян хатан байх талыг илүүтэй баримтлах бодлого явуулж байна. Танхимын хичээлийн цаг 7 хоногт  38-40 байсныг багасгаж 32-36 болгоод байгаа бөгөөд цаашид бие даалт, өөрийгөө хөгжүүлэх боломжийг оюутанд илүүтэй олгохоор зорьж байна. УЭДС-ийн сургалтын төлөвлөгөөн дэх 3 үндсэн бүлэг хичээлийн харьцаа 30:20:50 байгаа нь дизайн урлаг-үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх үйл ажиллагааны онцлогтой холбоотой үүссэн прагматик сургалтын шаардлага юм.

Сургалтын орчин, ахуй нөхцлийг сайжруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч ирснээр мэргэжлийн 10 кабинет, дадлагын өрөө, мастерийн газар, оёдлын цех, компьютерийн 2 лаборатори, нийт 36 төрлийн 68 ш тоног төхөөрөмж бүхий сургалтын баазтай, хичээлийн хэрэглэгдэхүүн, загварын бүтээгдэхүүний материалын баялаг фондтой болоод байна. Номын сангийн фонд 12,700 ном сэтгүүл, гарын авлага, лаборатори, дадлага, курс, дипломын ажлын заавраас бүрдэж, 9 төрлийн тогтмол хэвлэлийг cap бүр захиалан авч байна. Компьютерийн хүчин чадлыг нэмэгдүүлж сүүлийн 2 жилд 20 гаруй компьютер шинээр авч суурилуулан, нэг лаборатори нэмж байгуулан, интернетийн хэрэглээг бүрэн нэвтрүүлээд байна.

УЭДС-ийн оюутнууд 1-р курсийн 2-р улирлаас мэргэжлийн хичээлүүдийг судалж загварын үйлдвэрлэлд гар бие оролцон онолын мэдлэгээ практик дээр шалган мэргэжлийн ур чадвар эзэмшиж эхэлдэг. Шинэлэг загварын санаагаа багшийн зөвлөгөөний дагуу боловсронгуй болгож үйлдвэрлэлд туршихад, түүнчлэн дадлага, курс, дипломын ажлын загваруудын бүх шаардлагат материалыг сургуулиас үнэгүй хангаж өгдөг. Оюутан бүр улирал тутам дунджаар 4-6 загварын бүтээл хийх зорилттой ажилладаг бөгөөд өндөр ур чадвартай дизайнер багш нар уран бүтээлээрээ, аливаа технологи ажилбарыг өөрийн биеэр үлгэрлэн дагуулж хийх ур чадвараараа тэднийг удирдан сургадаг.

УЭДС нь төгсөгчдөө хуваарилдаг цорын ганц сургууль бөгөөд тус сургуулийн төгсөгчдийн ажил эрхлэлт 100 хувьтай байдаг. УЭДС багш, оюутнуудын шилдэг бүтээл, курс ба дипломын ажлаар гүйцэтгэсэн коллекцуудаар улирал тутам үзэсгэлэн, үзүүлбэр зохиодог. УЭДС-ийн мэргэжлийн сургалтын үр дүнг Монгол Улсын Ерөнхийлөгч, Улаанбаатар хотын Захирагч нар тус сургуульд зочлохдоо өндөр үнэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд хот хөдөөгийн олон зуун залуус өөрийн хүчинд тулгуурлан амьдралаа авч явах ухаанд суралцахаар Урлах Эрдмийг зорин ирэх болсон нь бидний ажлын гол үр дүн мөн.

 

Хоёр. ТҮР СУРГАЛТ

УЭДС үндсэн сургалтаас гадна үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан төрөл бүрийн хугацааны түр сургалт явуулдаг бөгөөд сүүлийн жилүудэд сургалтын доод шатны байгууллагуудыг дэмжих зорилгоор МҮСТ болон ЕБС-ийн технологийн багш нарт зориулан сургалт семинар зохион байгуулж орчин үеийн техник, технологийн хөгжилтэй танилцуулах, бүтээгдэхүүний дизайн-уран сайхны шийдэл гаргах, загварыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар онолын болон практик ур чадварыг эзэмшүүлж байна. Дэлхийн Зөн, Мерси Кор зэрэг олон улсын байгууллагууд, мөн "Онги гол хөдөлгөөн" зэрэг байгаль экологийн тэнцвэртэй байдлын төлөө тэмцэгч төрийн бус байгууллагуудтай хамтран амьдралын доогуур орлоготой хүмүүст зориулан гутал, арьсан урлал, оёдол, гар урлалын чиглэлээр төрөл бүрийн сургалт явуулж ирлээ. Загварын уралдаан тэмцээн, Үнсгэлжин зэрэг хот, аймаг, орон нутгийн хэмжээнд зохиогдож байгаа арга хэмжээнүүдийг ивээн тэтгэж, шүүгчээр уригдан оролцож, багш нарт зөвлөгөө өгч, үзүүлэх хичээл зохион тусалж байна.

1. Элсэгчдэд зориулсан курс 

Жил бүрийн 3-р сарын 1-нээс 7 хоногт 3 удаа 12 цагаар хичээллэн  Зураг ба дизайн урлагийн мэргэжлээр элсэгчдээс авдаг Хар зураг, зохиомжийн хавсарсан шалгалтанд бэлтгэдэг.

2. Багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалт

МҮСТ, ЕБС-ийн технологи, дизайны багш нарт зориулсан мэргэжлийн сургалт зохиодог.

3. Үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан түр сургалт  

Мэргэжил дээшлүүлэх сургалт болон шинээр үйлдвэрлэл эрхлэх хүмүүст зориулсан төрөл бүрийн хугацааны түр сургалтыг дараах мэргэжлүүдээр явуулдаг. Үүнд:

А. Зураг, дизайн /бүтээгдэхүүний загвар гаргалт/

Б. Хувцасны оёдол, эсгүүрийн сургалт

В. Аксессуар, чимэглэх урлалын сургалт

Г. Компьютер графикийн сургалт

Д. Эмэгтэй, эрэгтэй, хүүхдийн гутлын сургалт

Е. Монгол, буриад гутлын сургалт

Ё. Төрөл бүрийн гар урлалын сургалт /Арьсан урлал, бэлэг дурсгал, ханын чимэг, сувсан урлал, гобелен гар хивс, нэхмэл, зүймэл, наамал, ширмэл эдлэл, эсгий урлал, аксессуар /цүнх, бүс, малгай, зүүлт г.м./