Нүүр хуудас



ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ (2010.03.27)

 

 

 

Г.ТУНГАЛАГ - УЭДС-ийн захирал, доктор профессор.


/УЭДС-ийг үүсгэн байгуулагч/.

 

 

 

1993 оны 11-р сарын 17-ны өдөр тэр үеийн нэрээр Боловсролын Яамны Сайдын коллегийн хурлын шийдвэр гарч Урлах Эрдмийн дээд сургууль байгуулах зөвшөөрлийг албанёсоор олгосон билээ.

   Дизайн-үйлдвэрлэлийн сургалт эрхлэхээр хөгжингүй хэд хэдэн орны нэр хүндтэй сургуулиудын хөтөлбөрийг харьцуулан 3 жил шахуу судалж боловсруулсан хичээлийн төлөвлөгөөнүүдийг маань гайхашран харж дизайн гэдэг чинь юу билээ, яг юунд хүүхдүүдийг сургах гээд байгаа юм бэ хэмээн асууж байсан эрхмүүдийг эргэн санахдаа улс орны хөгжил, бодит амьдрал бидний төсөөлж байснаас хамаагүй хурдан өөрчлөгдөж, өнөөдөр дизайн хэмээх XXI зууны шинжлэх ухааны агуу урлаг нэгэнт та бидний өдөр тутмын хэрэглээ болсон байгааг бахдан харж байна. Тэр цагаас хойш олон жил өнгөрч хувцас, гутал арьсан эдлэлийн дизайнер-зохион бүтээгч, архитектор, интерьер-экстерьерийн дизайнер, зураач, чимэглэлийн дизайнер зэрэг мэргэжлээр олон арван сайн боловсон хүчин эх орондоо бэлтгэж өгчээ. Өнөөдөр тус сургуульд 36 эрдэмтэн профессор болон дизайнер багш нар ажиллаж, 21 хот аймаг орон нутгаас элссэн зуу зуун оюутан залуус амжилттай суралцаж байна. Жил бүр ерөнхий боловсролын сургууль, МҮСТ, Их дээд сургууль төгсөгчдөөс хамгийн авъяаслаг, дизайн урлагийг амьдралаа болгохоор шийдэж сонгосон залуус Урлах Эрдмийг зорин ирэх боллоо.

   Манай сургуулийн сургалт-уран бүтээл-үйлдвэрлэлийн гурвал холбоот үйл ажиллагаа, нэр хүндийг нийгэмд тод томруун харуулдаг Урлах Эрдмийн GT  ЗАГВАРЫН ТОВЧОО, Интерьерийн CLASSIC STUDIO болон ENJOY салон олон арван захиалагчтай болж, ULAANBAATAR FASHION WEEK, SUMMER FASHION WEEK зэрэг загварын том том арга хэмжээг амжилттай зохион явуулж байна. Орчин үед үйлдвэрлэл, үйлчилгээний салбар эрчимтэй хөгжиж, дизайнер-зохион бүтээгчийн мэргэжил, түүний дотор хувцас, гутал, арьсан эдлэл, интерьер-экстерьер, архитектур, ландшафт, чимэглэлийн ба үйлдвэрлэлийн дизайны мэргэжлийн зах зээлийн эрэлт хэрэгцээ улам их болсоор байна. УЭДС-ийн оюутнууд загвар зохиомж, зохион бүтээлт, технологийн гүйцэтгэлийн аль алиныг ижил түвшинд эзэмшин бие даан үйлдвэрлэл эрхлэх чадвартай болж төгсдөг тул сүүлийн жилүүдэд үйлдвэр албан байгууллагуудаас ирдэг мэргэжилтний захиалга төгсөгчдийн тооноос байнга давж байна.

   Урлах Эрдмийн дээд сургууль төгсөгчдөө 100 хувь ажлын байраар хангаж чаддаг цорын ганц сургууль юм. Өнгөрсөн хугацаанд манай төгсөгчид интерьерийн студи, арьсан эдлэл, гутал цүнх, үслэг, ноолуур, зөөлөн оёдлын хувийн жижиг, дунд үйлдвэртэй болж, зарим нь өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх түвшинд хүрч, улмаар байшин барилгаа бариулж, жинхэнэ утгаараа үндэсний үйлдвэрлэгчид болон өсч, өөрсдийн гараар амьдралаа цогцлуулан, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, УЭДС-ийн эрхэм зорилгыг амьдралд бодитойгоор хэрэгжүүлж байна. Энэ нь олон олон хүмүүс эх орондоо хийж бүтээх эрмэлзэл дүүрэн, цаг хугацааг умартан уйгагүй ажиллаж шинийг сэдэж, хамгийн гол нь хийгээд бүтээгээд байна, монголдоо ажиллаж амьдрах сайхан үе ирж байна гэдэг өөдрөг сэтгэлгээг олон түмэнд хүргэж байгаагаараа давхар ач холбогдолтой юм. Өөрийнхөө хүчээр амьдралаа цогцлуулахаар гадагшаа бус эх орон луугаа тэмүүлэх цаг ирлээ.

   Миний эх оронд элэг нэгт бүхэн хичээнгүйлэн хөдөлмөрлөж сэтгэл тэнэгэр сайхан амьдрах болтугай. Бүтээн байгуулагч их хөдөлмөрийн тэргүүн эгнээнд зогсож буй дахин давтагдашгүй санаа сэдэж, гоо сайхны тансаг шийдлээр бүтээлээ амилуулахаар өдөр шөнөгүй хичээнгүйлэн зүтгэх ДИЗАЙНЕР Таны авъяас билгийг магтъюу.

 

 

 

 

 


УРЛАХ ЭРДМИЙН ДЭЭД СУРГУУЛЬ (2010.03.29)

 

Сургуулийн эрхэм зорилго: Үндэсний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх нь УЭДС-ийн эрхэм зорилго мөн.

Сургуулийн бахархал: Төгсөгч нэг бүр ажлын байртай, төгсөгчдийн мэргэжлийн ур чадвараар салбартаа тэргүүлэх сургууль болж чадсан. Эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо ажиллаж амьдрах эрмэлзлийг багш, оюутнууддаа төлөвшүүлэхийг зорьдог.

Сургуулийн онцлог: Монголын дизайн-үйлдвэрлэлийн анхны дээд сургууль. Шууд үйлдвэрлэл эрхлэх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэдэг учир сургалт-уран бүтээл-үйлдвэрлэлийн гурвал холбоон дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Салбар бүрийн дэргэд уран бүтээл, үйлдвэрлэлийн нэгжтэй.

Тодорхойлолт: МДХ-НЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН "АЛТАН ГАР" ШАГНАЛТ, "СТИЛЬ", "ГОЁЛ","ХАВРЫН ГОЁЛ" НААДМУУДААС ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ШАГНАЛ ХҮРТЭЖ, ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ, ШИЛДЭГ ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭХ ТОВЧООГООР ШАЛГАРСАН МОНГОЛЫН ДИЗАЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АНХНЫ ДЭЭД СУРГУУЛЬ

Нэр хундтэй шагнал:  

- Монголын Залуучуудын Холбооны ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР медаль

- "Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш" Өргөмжлөл

- Үйлдвэр Худалдааны Яамны Хүндэт тэмдэг

 

ТҮҮХИЙН ТОВЧООН

1993 онд байгуулагдсан Урлах Эрдмийн дээд сургууль /УЭДС/ нь БСШУЯ-ны зөвшөөрөл, улсын бүртгэлтэй, сургалтын батлагдсан төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу дизайн-үйлдвэрлэлийн чиглэлийн 10 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг.

1996 оноос дотоод, гадаадын уран бүтээлийн уралдаан наадамд оролцож ирсэн.

1997 онд Хувцасны дизайн, зохион бүтээлтийн салбарын дэргэд GT Загварын товчоо байгуулсан.

1998 оноос хувцас загварын SUMMER SHOW,

2003 оноос ULAANBAATAR FASHION WEEK зохиож эхэлсэн.

2003 онд Архитектур, интерьерийн салбарын дэргэд Классик студи,

2007 онд Чимэглэх урлагийн Enjoy салон байгуулсан.

2008 оноос SUMMER FASHION WEEK зохион байгуулдаг болсон.

2003 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улаанбаатар хотын Захирагч нар УЭДС-д зочилсон.

 

ОЮУТНУУДАД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ, ХӨНГӨЛӨЛТ, АВЪЯАСЫГ НЭЭХ, ДЭМЖИХ ТАЛААР:

- 12.000 нэгж ном, мэргэжлийн сэтгүүл бүхий номын сангаар үйлчилж улирал тутам

- "Номын сангийн өдөр" зохиодог.

- Өдөр бүр цэсэндээ 12-оос доошгүй төрлийн хоол бүхий гуанз

- Автобусаар хөнгөлөлттэй зорчих үйлчилгээ

- Хичээлийн байрнаас 5 минут явах зайд байрлалтай гэрээт дотуур байранд орон нутгаас суралцагсдыг бүрэн хамруулж суулгадаг.

- Захирлын нэрэмжит шалгалтыг XI ба IY сард явуулж бүх оюутнуудын сурлага хүмүүжлийн байдалд дүгнэлт хийж зөвлөгөө өгдөг.

- 5 улирал онц сурсан оюутныг сургалтын төлбөрөөс чөлөөлдөг.

- 6 улирал онц сурсан оюутанд Захирлын нэрэмжит тэтгэлэг олгодог.

- Оны шилдэг оюутныг шалгаруулж шагнаж урамшуулдаг.

- Хичээлийн жил бүр хөгжлийн бэрхшээлтэй болон өнчин, ар гэрийн боломж муутай 3-4 оюутныг төлбөргүй сургадаг.

- Мэргэжлийн дадлагын хичээлүүдийн материалыг үнэгүй тавьж өгдөг.

- Курсийн ажил, Дипломын ажлаар гүйцэтгэх загваруудын бүх материалыг сургуулийн фондноос олгодог.

- Мэргэжлийн уралдаан тэмцээнд оролцогчдын зардлыг 100% сургууль хариуцдаг.

- Хичээлийн жилийн 31 дэх 7 хоногт багш нарын удирдсан урлангуудын дунд уралдаан зохиож тухайн хичээлийн жилд эзэмшсэн ур чадвараа

  гайхуулан мэргэжлийн баяр хийдэг.

- Багш, оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал

- Хүмүүжил, олон нийтийн ажлын нэгдсэн төлөвлөгөө гарган ажилладаг.

- Шилдэг төгсөгчид болон ахлах курсийн оюутнуудтай уулзалт ярилцлага зохиож, зах зээл, технологи, үйлдвэрлэлийн туршлага судлуулдаг.

- Оны аварга шалгаруулах сагсан бөмбөг, гар барилдааны тэмцээн, урлагийн үзлэг тус тус зохиодог.

 

НИЙГМЭЭД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

- БСШУЯ-ны Боловсрол судлалын Төвтэй хамтран МҮСТ, Ерөнхий боловсролын сургуулиудын технологийн багш нарт мэргэжил дээшлүүлэх сургалт явуулдаг. Мерси Кор, Дэлхийн Зөн, АДРА зэрэг Олон улсын байгууллагуудтай хамтран Улаанбаатар хот, аймаг орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан түр хугацааны сургалт явуулдаг.

- Эмзэг бүлгийн хүмүүс, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан мэргэжлийн сургалт зохиодог. Улсын Шилдэг Загварын товчооны 2 удаагийн Өргөмжлөлт УЭДС-ийн GT Загварын товчоогоор үйлчлүүлэгчдийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч, нийгэм улс төрийн зүтгэлтнүүд, олон алдартнууд байдаг. Түүнчлэн сонгодог болон рок, поп урлагийнхны 70 гаруй хувь нь УЭДС-ийн үйлчлүүлэгчид юм.

- ЕБС, МҮСТ-ийн сурагчдын /Хот, хөдөө орон нутгийн Үнсгэлжин тэмцээнүүд, Техник технологийн олимпиадуудад оролцсон/ уран бүтээлийг дэмжин УЭДС-ийн нэрэмжит шагналаар шагнадаг.

- 2003 оноос жил бүр нэг авъяаслаг уран бүтээлчийг дэмжин УЭДС-ийн нэрэмжит шагналыг /тайзны хувцсыг хариуцах хэлбэрээр/ олгож байна.

Хэрвээ Та дизайн урлагийн гайхамшигт ертөнцөд хөл тавьж загвар зохион бүтээгч-дизайнер болох хусэлтэй байгаа бол, хэрвээ Та үйлдвэрлэл эрхэлж амьдралаа цогцлуулах зорилго тавьсан бол 3000 гаруй нэгж бүтээл бүхий загварын фондоороо улсын бүх үйлдвэр болон сургалтын байгууллагуудыг тэргүүлдэг, бэлтгэн гаргадаг боловсон хүчний чанар, ур чадвараар төрийн ба төрийн бус өмчийн бусад сургуулиудыг хошуучилдаг, залуу хүний сурч, зөв хүмүүжин төлөвших нэн таатай орчныг бүрдүүлсэн, аливаад багш нар нь өндөр хариуцпагатайгаар өөрийн биеэр үлгэрлэдэг УРЛАХ ЭРДМИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН хаалга Таны өмнө нээлттпэй байна.


 

 

Хуудас: 1